Back to school: Веб

18. Oct, 2009. Нийтлэгч jabga, мэдээний ангилал CMS, Inspiration, Lesson

Магадгүй та веб хуудас нь танай компаныг интернэтэд төлөөлөх цахим хуудас гэж олонтаа уншиж сонссон байх. Харин миний хувьд вебийг интернэт хэмээх виртуал зэргэлдээ ертөнц дэхь таны бие төлөөлөгч, танай байгууллагын reception буюу хүлээн авагч гэж тодорхойлмоор байна. Танай компаниар анх үйлчлүүлэхээр орж ирсэн үйлчлүүлэгчийг хэн ч угтан авахгүй, эсвэл тун ядмаг хувцастай хэл ярианы чадвар муутай reception хүлээн авбал ямар бол? Аль эсвэл үйлчлүүлэгчийн мэдэхийг хүссэн мэдээллийг биш ямар нэгэн өөр зүйл ярьж, асуусан асуултанд нь хариулж чадахгүй байвал танай байгууллага reception-доо ямархуу анхаарал тавьсан шиг үйлчлүүлэгчид тиймэрхүү сэтгэгдэлтэй үлдэж, үйлчлүүлэгчээ алдаж ч магадгүй юм. Яг энэ маягаар компаныхаа өнгө төрх, имижийг хадгалсан дахин давтагдашгүй загвартай, үйлчлүүлэгчид ямар зүйл мэдэхийг хүссэн, тэр мэдээллийг маш товч бөгөөд тодорхой агуулсан эмх цэгцтэй, энгийн ойлгомжтой мөртлөө үйлдэл, чанар сайтай веб сайттай байх нь мэдээллийн технологи дээр тулгуурласан хөгжлийг дэмжиж буй өнөөгийн нөхцөлд зайлшгүй хэрэгцээтэй төдийгүй үр ашиг, хэмнэлт хоёрыг нэгэн зэрэг хослуулж чадах зөв сонголт болох юм.

ВЕБ САЙТ ХЭРЭГТЭЙ ЮУ? БУЮУ ВЕБ ХУУДАСТАЙ БОЛОХ ШАЛТГААН, ВЕБ САЙТЫН ТУХАЙ


Веб сайттай болон веб сайтгүй байгууллагын энгийн бодит жишээ гэвэл одоогийн Монголын интернэт түгээгч компаниуд болох хэд хэдэн компаниудын веб сайтуудыг доор жагсаалаа.

Magicnet – http://www.magicnet.mn

Micom – http://www.micom.mn

Citinet – http://www.citinet.mn

SkyC&C – http://www.skycc.mn

Skylink – http://www.skylink.mn

Bodicom – http://www.bodicom.mn

Boldsoft – http://www.boldsoft.mn

AiaxBB – http://www.aiax.mn

Ulusnet – http://www.ulusnet.mn

Та эдгээрийг үзээд тус компаниудын имиж, чанар, нэр хүнд гэх мэтийг өөрийн бодолтойгоо харьцуулсан байх. Бүгд өөрсдийн давуу тал, үйлчилгээний хамрах хүрээ, үнийн санал болон бусад үйлчилгээгээ өөр өөрсдийнхөөрөө харуулж байгаа болов уу. Харин эдгээрээс үнийн хувьд нэлээн хямд, бүртгэлийн хураамжгүй шинээр гарч ирж байгаа ISP Сайнуу нэтийн талаар мэдээлэл авъя гэвэл зөвхөн утсаар холбогдох боломжтой ба нэгэн зэрэг өөрсдийнх нь хэрэглэгчдээс гадна шинээр тавиулахаар сонирхож байгаа хэр олон хүн мэдээлэл авах боломж нь мэдээж бусдаасаа бага ба яаж хөдөлгөөнт зураг, оновчтой үг хэллэг бүхий зөв дизайнтай танилцуулгатай веб сайттай эн зэрэгцэх билээ?

Энэ мэт шалтгаанаар та веб хуудастай болохоор санаа шулуудав уу? Баяр хүргэе, интернэт дэхь мянга мянган компаны веб сайттай танайх хөл нийлүүлэн алхахаар боллоо.

Веб сайт гэж юу вэ? Үүний ард юу байдаг, яаж ажилладаг, яаж бүтээдэг, би юунд төлж байна вэ гэх зэрэг асуултуудыг та өөрөөсөө асууж байна уу. Таны мэдлэгт зориулан веб хийх үйлчилгээ үзүүлдэг компани хувь хүнтэй хамтран ажиллахад тань дөхөм болох үүднээс тун энгийн бөгөөд товч тайлбарлаж өгье.

Вебийг үндсээр нь статик ба динамик гэж хоёр ангилдаг. Статик нь нэгэнт бүтээгдсэн бол мэдээ нэмж оруулахааргүй, нэг хэвийн удаан орших вебийг хэлнэ. Өнөө үеийн ихэнх веб динамик бөгөөд програмчлагдсан, бүх мэдээ, агуулгаа өгөгдлийн баазад хадгалан тэндээсээ дуудаж ажилладаг, шинэ мэдээ нэмэх, хасах, архивлан хадгалах, электрон худалдаа явуулах, гишүүн бүртгэх зэрэг програмчилсан үйлдэл хийх бөгөөд бүхий л боломжууд нээлттэй байдаг. Вебийн бидэнд харагддаг хэсэг бол хэрэглэгчийн тал буюу нүүрэн тал, харин вебийн админ, зохицуулагчид эрхээрээ админы хуудас руу нэвтэрч мэдээ нэмэх, хасах, баннер нэмэх, дизайн өөрчлөх, шинэ хэрэглэгч үүсгэх зэрэг төрөл бүрийн зохицуулалтыг хийж байдаг хэсгийг хөшигний ар тал гэж хэлж болох юм. Энэ бүхнийг веб програмчлалын хэл дээр програмчилж бичихэд нэлээд их цаг хугацаа шаардах бөгөөд хийсэн веб болгонд нэгэн ижил төстэй код бичдэг байсныг арилгаж веб серверийн орчинд ажилладаг веб мастеруудын ажлыг асар их хөнгөвчилсөн агуулга удирдах систем гэгч зүйл гарч ирсэн нь “веб бүтээх” гэдэг ажлыг үндсэндээ шинэ шатанд оруулж веб хуудсыг бүтээх үнэ, хугацааг багасгаж өгсөн юм. Энэ нь та бидний компьютерт суудаг программ шиг веб сэрвэрт сууж вебийн зарим хэсгийг нэмэлтээр суулгах маягаар ажилладаг. Өнөөгийн веб хийх үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд ерөнхийдөө өөрсдийн, эсвэл бусдын бүтээсэн үнэтэй, эх код нь нууц агуулга удирдах систем (АУС, англиар CMS буюу Content Management System) эсвэл үнэгүй тараагддаг, эх код нь нээлттэй АУС ашиглан вебээ урладаг. Эхний хувилбар нь нууцлал өндөртэй, эх код хаалттай учир алдаа, нүхийг нь ухаж олон боломж бага, тэгээд ч төлбөртэй учир асуудал гарвал хариуцах эзэн, хандах хүнтэй боловч харьцангуй өндөр үнэтэй мөн хөгжүүлэгчдийн тоо хязгаартай байдаг. Харин нээлттэй эх бүхий АУС-ийн хувьд илүү олон програмчид хөгжүүлдэг тул боломж, үйлдлээр илүү мөн ямар ч үнэ төлбөргүй боловч эх код нь нийтэг чөлөөтэй тараагддаг тул халдлагад өртөх магадлал их ч олон хөгжүүлэгчид энэ тал дээр ажиллаж, АУС-г ашиглагч веб мастер өөрөө зөв хөгжүүлж, арчилж чадах аваас энэ дутагдлыг залруулж болно. Ийнхүү та веб орчны дунд шатны мэдлэгэтэй хэрэглэгч болох анхны үүдийг нээлээ. Веб хуудсаа хийлгэх байгууллага, хувь хүн хайхаас өмнө домэйн нэр буюу таны веб интернэтэд ямар нэрээр байрлах болон таны вебийн файлууд ямар сервэрт байрлахыг сонгох хэрэгтэй. Энэ талаар товч тайлбарлавал домэйн нэр нь цээжилэхэд амархан, товчхон бөгөөд бичихэд эргэлзэхээргүй, энгийн, сүүлд санахад ой тойнд үлдэцтэй, мөн танай байгууллагын нэртэй ойролцоо байвал зүгээр байдаг. Веб хуудасны чиглэлээс хамаарч 2-4 үсэгтэй өргөтгөл сонгож болно.

.com (арилжаа, худалдаа болон бусад)

.net (сүлжээ)

.info, .name (мэдээллийн)

Танд зөвлөхөд дээрх өргөтгөлүүд нь олон улсад ашиглагддаг тул ихэнх боломжит англи үгтэй домэйн хэдийн эзэнтэй болсон байдаг. Дажгүй нэртэй домэйнийг худалдаж аваад үнэтэй зардаг хүмүүс ч байдаг. Жишээ нь apple.com, good.com, happy.com гэх гэх мэт домэйн заавал эзэнтэй болсон байдаг тул та нэр сонгохдоо галиглах, эсвэл товчилсон нэр өгсөн ч болно. Жишээ нь: miniih.com, olloo.mn. Харин Монгол дахь веб хуудаснууд .mn өргөтгөл авч болох бөгөөд давуу тал нь сонголт маш өргөн байдаг тул бараг хүссэн домэйнаа сонгон авах боломжтой байдаг ч үнийн хувьд бусдаасаа арай үнэтэй. Одоо бид вебийнхаа зураг болон бусад бүх файлуудаа интернэтэд байрлуулах сервэр олох хэрэгтэй. Таны веб рүү хэрэв хүмүүс Монголоос хандах бол Монголд байрлалтай, гадаадаас хандах бол гадаадад байрлалтай сервэр сонгох нь зүйтэй. Хэрэв сервэр унтарвал веб ажиллахгүй болох бөгөөд зочдоо алдаж мэдэх учир 24 цагаар 7 хоногийн турш тасралтгүй найдвартай ажиллагаатай веб сервэр сонгох шаардлага гарч ирнэ. Мөн сервэрийн хурд веб хуудас ачаалагдах хурданд тун их нөлөөтэй. Дээрх бүх үзүүлэлтүүдээс болон сервэрийн багтаамжаас хамааран үнэ өөрчлөгдөх бөгөөд та ч өөрийн хэрэгцээндээ тохирсон хувилбарыг сонгоно гэдэгт эргэлзэх хэрэггүй биз ээ. Эцэст нь хэлэхэд вебийн загвар дизайн болох template (theme)-үүд үнэтэй, үнэгүйгээр интернэтэд маш их байдаг бөгөөд веб урлагчтайгаа зөвхөн танд зориулан шинэ дизайн гаргах, эсвэл бэлэн загвараас сонгож ашиглах зэргээ тохиролцох нь зүйтэй хэрэг. Ингээд өөрийн “амьд” веб хуудсаа бүтээлгэх байгууллага, хувь хүнээ хэрхэн сонгохыг танд үлдээе. Веб хэмээх агуу их мэдээллийн өчүүхэн хэсгийг тантай хуваалцсандаа байртай байна. Хэрэв та илүү ихийг мэдэхийг хүсвэл, эсвэл асууж дэлгэрүүлэх зүйл гарвал бидэнтэй холбоо барьна уу.

Popularity: 4% [?]

3 Comments

amgaa

19. Oct, 2009

Статистик биш статик байлгүй дэ.

jabga

20. Oct, 2009

Вебийг үндсээр нь статистик ба динамик гэж хоёр ангилдаг
гэчиж. Засчлаа баярлалаа.

Buyandelger.B

28. Feb, 2010

Saihan blog baina. Ulam sain ajluulaarai. Amjilt husye.

Leave a reply